この度、モンゴル国立大学の名古屋大学日本法教育研究センターの学生さんたちが、当ゼミ2021年卒業の西尾さんが書いた「日本人のモンゴル抑留という歴史について」を翻訳してくれました。もっと多くのモンゴルの方たちにも本件を知って欲しいという思いで翻訳に当たってくださった同センター4年生のB.ソヨルエルデネ、E.エルフビルグーン、D.ホラン、B.アズザヤ、B.ツァサンゴー、E.エンフチョローンの皆さんにゼミを代表してお礼を申し上げます。
翻訳は以下の通りです。
FLP Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр Шимизү семинар
Утга зохиолын тэнхимийн 4-р түвшний оюутан Нишио Күрүми
Монгол дахь олзны япон цэргүүдийн түүхийн тухай
Оршил
“Сибирийн олзныхон” гэх үгийг сонсож байсан хүн олон байх. Дайн дууссаны дараахан, тухайн үеийн Манж Го Улсын армийн гаднах бүсэд үлдээд байсан япон цэргүүд Зөвлөлт Холбоот Улс (цаашид ЗХУ гэх)-д зэвсгээ хураалган, олзлогсод гэгдэн ЗХУ-ын олон газарт хүргэгдсэн байдаг. “Сибирийн олзныхон”-ы нэг хэсэг болох 12 мянга гаруй япон цэрэг Монголд хоригдон, олзны цэргүүд гэх статусаар 2 жил гаруй албадан хөдөлмөр эрхэлсэн бөгөөд 12 мянга гаруй цэргээс 600 гаруй нь нас барж, эх орондоо буцаж чадаагүй. “Монгол дахь олзныхон”-ы түүх нь төдийлөн хүмүүс мэдээд байдаг түүх биш, сүүлийн жилүүдэд монголчууд япон хүмүүс Монгол улсад олзлогдож байсан тухай нэлээн судалж байгаа боловч, Япон улсад эн тухай төдийлөн судлагдаагүй байгаа юм. Түүнчлэн энэ талаар олон талаас судалсан хэдий ч, тодорхой болгоогүй зүйл олон байгаа болно. Тиймээс миний бие Монгол дахь олзны япончуудын түүхийн бодит байдлын тухай хэд хэдэн номноос мэдээлэл аван, тус эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэн болно.
- Монголд байсанолзлогсдынсуурь нөхцөл байдал
Энэ түүх нь 1932 оны 3 дугаар сард Япон Улс Манж Го Улсыг үүсгэн, ЗХУ-тай хил залгаа газар нутгийг захирч байсан үеэс эхлэлтэй. Манж Го Улс байгуулдсан нь ЗХУ-ын Монгол Улс руу чиглэсэн “Улсаа бүрэн хамгаалах” бодлогыг бий болгож, тус бодлогын хүрээнд Монгол Улс хорин мянга гаруй сэхээтнээ “Японы тагнуул”, “Хувьсгалийн эсэргүү” гэж сэжиглэн, их хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн байдаг. Мөн, 1939 оны 5-9 дүгээр сард өрнөсөн Халх голын дайнд ЗХУ-ын болон Монгол Улсын цэргүүд Япон болон Манж Го Улсын цэргүүдтэй тулалдсан бөгөөд тухайн үед, ЗХУ-тай хамт байлдаж явсан монгол цэргүүдийн тоо бага байсан хэдий ч Монголын хүн амтай харьцуулан авч үзвэл энэ тоо их гарах нь мэдээж.
Энэхүү үйл явдлын дараа буюу Дэлхийн II дайны төгсгөл үед 1945 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ЗХУ гэнэт Япон Улстай дайн зарлан, дараагийн 9-ний өдөр нь ЗХУ-ын цэргийн хуягт анги улсын хилийнхээ өмнөдөөс буюу Манж Го, Солонгосын хойгийн хойд хэсгээс эхлэн газар нутгийг нь эзэлж эхэлжээ. ЗХУ-ын урагш давшсан энэхүү дайнд 10-ны өдөр Монгол улс нэгдэн, Япон улстай дайтах болсон бөгөөд Монгол улс Японд дайн зарлах болсон суурь нөхцөл нь 1934 оны 11 дүгээр сард Монгол улс ЗХУ-таa амаар байгуулсан “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол” байсан юм (Тус протоколыг 2 жилийн дараа буюу 1936 оны 3 дугаар сард бичгээр байгуулсан болно). Тус протоколд, гуравдагч орны зүгээс ЗХУ болон Монгол улсын аль нэгд нь цэрэглэн халдсан тохиолдолд цэргийн тусламжийг оролцуулан бүх талын туслалцааг үзүүлнэ” гэж тохиролцжээ. Тийм учраас, ЗХУ-г Герман Улстай дайтаж байхад Монгол Улс их хэмжээний таван хошуу мал илгээн, ЗХУ-Японы дайнд оролцсон байна. Улмаар ЗХУ нь Манж Го Улсад байсан япон цэргүүдийг маш хурдан эзэлж, зургаан зуун мянган япон цэргийг олзлон, дайнд алдаад байсан ажиллах хүчээ япон цэргүүдээр нөхсөн бөгөөд тэдгээр олзны цэргийн арван хоёр мянга гаруйг дайны хишиг маягаар Монгол улс руу илгээсэн байна. Монгол улсын хүн ам ч гэсэн ЗХУ-н их хэлмэгдүүлэлт болон дайны уршгаар цөөрөөд байсан юм. Ийнхүү ЗХУ-д олзлогдон “Сибирийн олзныхон” гэгдэж байсан япон цэргүүд Монгол улс руу дайчлагдснаар “Монгол дахь олзны япон цэргүүд” гэгдэх болсон юм.
- Монголд олзондбайсанүеийн ахуй байдал
(1) Ширүүн байгаль цаг уур
Олзны япон цэргүүдийг хамгийн эхэлж зовоосон зүйл бол Монголын хүнд хэцүү байгаль цаг уур байлаа. Монголд өвөлдөө цаг агаар -30 хэм хүртэл хүйтэрдэг тул маш хүйтэн байдаг. Өвлийн улиралдаа тийм хүйтэнг мэдэрч байгаагүй япон хүмүүст Монголын өвөл төсөөлөхөд ч бэрх байсан биз ээ. Энэ нь бээлийгүй гадагш гаран 50 метр алхаагүй байхад л гар болон хамрын үзүүр цайран хөлдчихөөр хүйтэн гэсэн үг. Хөлдчихсөн эд эрхтэнд яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол бүх биеээр тархан, тайруулахад хүрч хүндрэхээр хүйтэн цаг уур юм. Хоёр хөл нь хөлдсөнөөс болоод мэдээ алдуулалтгүйгээр хагалгаанд орон, хоёр хөлөө тайруулсан япон цэрэг ч байсан. Монголын зун гэвэл 7, 8 дугаар сар л гэж хэлж болохоор бүтэн нэг жилийн турш хүйтэнтэй тэмцэлдэхгүй бол болохгүй, японы хүйтнээс сэргийлэх багажууд ч нэмэр болохгүй тийм хүйтэн цаг агаарт япон олзны цэргүүд биеийн хүчний хөдөлмөр албан шахалтаар эрхлэж байжээ.
Түүнчлэн, Монголд олзонд байх үед ус маш ховор, гадаа -30 хэмийн хүйтэн байсан ч цаг агаарын байдлыг харгалзахгүйгээр ганц хувин усаар чичрэн биеэ угаахаас өөр аргагүй нөхцөл байдалтай, шүршүүр гаргаж өгсөн ч нэг шүршүүрт хорин хүн орохгүй бол болохгүй, гадна талд нь халуун ус ирэхгүй, дээрээс нь 1 минутанд л дуусдаг байв. Уулын хуаран, мод бэлтгэлийн газарт мөсийг хайлуулан буцалгаж хоолондоо хэрэглэж байснаас үзэхэд ус тун ховор байжээ. Монгол улсад олзлогдоод Япон улсынхаа усаар баялаг, өгөөжтэй сайхныг ухаарсан хүн ч байсан байна.
(2) Хүнд хэцүү амьдрах орчин
Олзлогдсон цэргүүдийг хэд хэдэн олзлогсдын хуаранд хуваасан бөгөөд олзлогсдын хуаран нь байрлаж буй газар, ямар хөдөлмөр эрхэлж буйгаараа ялгаатай байв. Хуаран нь хүн амьдардаг гэж хэлэхэд хэцүү газар байжээ. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотод байрлах олзлогсдын нэгдүгээр хуаран юм. Энэхүү хуаран нь хотын төвд орших лам нарын хийдийг нэгээс дөрөвдүгээр давхар хүртэл нь модон шал тавьж зассан төдий, давхар бүрийн өндөр нь хүний суусантай тэнцэхүйц хэмжээтэй байсан бөгөөд нэг хүнд ногдох зай нь мөрний өргөнтэй тэнцүү байсан тул хажуу тийш л харж хэвтэхгүй бол унтаж чадахааргүй давчуу зайтай байсан байна. Бусад хуаранг ч мөн адил хялбар барьсан байдаг. Тухайлбал томоохон ухсан газрыг хавтсаар дээвэрлэн олзлогсдын хуаран гээд 2000 хүн байрлуулах, эсвэл үйлдвэрийн талбай дээр саравч барих гэх мэтээр олзлогсдыг байрыг барьж байснаас тэдгээр нь хөргөгч шиг буюу хүйтнээс хамгаалах ямар ч хамгаалалтгүй байжээ. Тиймээс орондоо орохдоо дулаан хувцаслаж, гутал өмсөж, даарахгүйн тулд бүрэн хувцаслаж байж унтдаг байв. Түүнчлэн бие засах газрын тухайд монголчууд ариун цэврийн өрөө гэх зүйлийн талаар мэддэггүй байсан тул олзны цэргүүд бие засах газрын оронд том нүх ухаж, түүндээ том банз эгнүүлэн тавьж, банзандаа завсар гарган бие засах газар болгон ашигладаг байсан бөгөөд нүх нь дүүрвэл дахин өөр нүх ухаж бие засах газар болгож, ашиглаж дууссан газраа шороо асган булдаг байжээ.
Энэ хахир хүйтэн дээр нэмээд хүнд хүчир хөдөлмөр болон хүнс тэжээлийн дутагдлын улмаас олзны цэргүүд суулгалт, хүнс тэжээлийн дутагдалд орж зовж шаналж байсан ч өвчнийг нь эдгээх эмтэй хүн тухайн үед байхгүй, өдөр бүр цэргүүд нас барж байсан тул булш ухаж ч амждаггүй байжээ. Булшнууд нь хэдэн өдрийн турш цасанд дарагдсан хэдий ч хөлдсөний улмаас ямар ч үнэр гардаггүй байсан байна. Өдөр бүр хүнд хүчир биеийн хөдөлмөр хийж байсан ч усанд орох нь бүү хэл нүүр гараа ч хэдэн сарын туршид угааж чадаагүйн улмаас олзны цэргүүдийн бие нүүрс шиг тас хар өнгөтэй болж байв. Үүнээс гадна олзны цэргүүдийг зовоож байсан зүйл бол бөөс. Бүхэл өдрийн турш хувцсаа нэг ч удаа тайлалгүй өмссөнөөс бөөстөж, хоёр өдрийн дотор л хэдэн зуугаар үржиж алсан ч ямар ч нэмэргүй байдаг байв. Бөөс жижиг бөгөөд бие загатнуулаад байхгүй тул нэг өдөр тэвчихэд бүх биеийн цусыг сорж зогсож чадахааргүй толгой эргэхэд хүргэдэг. Олзны цэргүүдийн дунд бөөс тархаж, олон цэргүүд нас барсан байна. Хотын төвийн олзлогсдын хуаранд халуун уураар ариутгагч төхөөрөмж байдаг байсан хэдий ч хөдөө орон нутагт тус төхөөрөмж байхгүй тул том саванд ус хийн буцалгаж ариутгахаас өөр арга байдаггүй байжээ.
(3) Хүнд хүчир хөдөлмөр
Монголын засгийн газар олз болгон авсан япон цэргүүдийг ашиглан ЗХУ шиг орчин үеийн хотыг бий болгохоор төлөвлөж, зорилгоо биелүүлэхийн тулд олзны цэргүүдэд хүнд хэцүү ажил нормыг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна. Энэхүү норм нь анх нэгж хугацаанд хийх стандарт ажлын хэмжээ байсан боловч нэг өдрийн стандарт ажил гэж үзэн, түүнийгээ биелүүлэх хүртэл ажиллуулдаг байжээ. Гэхдээ барилгын ажлын хувьд өдөрт найман цаг ажиллуулдаг байжээ. Өмнө дурдсан олзлогсдын нэгдүгээр хуаранд өдөр бүр олзны цэргүүдийг арван хоёр цаг ажиллуулдаг байсан бөгөөд өглөө, үдээс хойш ердөө 10 минут л амраадаг байв. Хамгийн багадаа 7 хоногт нэг өдрийг амралтын өдөр гэж тогтоосн хэдий ч ажил нормоо биелүүлэх хугацаа дөхмөгц нэг сард нэг эсвэл хоёр өдөр л амраадаг байсан ба 24 хоног ямар ч амралтгүй ажиллах тохиолдол ч байдаг байлаа. Ажил хооронд амрах цагийг арван минутаас таван минут болгон богиносгосон тохиолдол ч байжээ.
Ямар ажил хөдөлмөр хийх нь олзлогсдын хуарангаас хамааран янз бүр байдаг байв. Уулын хуаранд усгүй байсан бөгөөд хоол хийх болон бусад зүйлд мөс хагалж хэрэглэдэг байсан тул толгод дээгүүр 1.5 км зайтай газар явж, голоос мөс хагалан хөнжилд ороож нуруун дээрээ үүрч мөс зөөх ажил хөдөлмөр ч байдаг байв. Түүнчлэн Улаанбаатар хот дахь хуаранд ажиллаж байсан олзны цэргүүд Монгол Улсын Их Сургуулийн барилга, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын барилга барих ажил хийдэг байсан. Олзны цэргүүд мод хагалах, чулуу бутлахаас эхлээд хөлдсөн газар хагалах, зуны улиралд халуун наранд нарны хурц туяатай тэмцэн биеэ ташуурдуулан байж оногдсон ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн байна. Олзны цэргүүдийн биеэ хуваах шахам зовж барьсан Гадаад Хэргийн Яам, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр зэрэг нь одоо ч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд сүндэрлэсээр байна.
Өглөө бүр үүрийн таван цагт босож багахан хоол идсэн олзны цэргүүд хүнд хүчир ажил хийхдээ энэ ажил хэчнээн удаан үргэлжлэх бол гэсэн бодол л тээдэг байсан биз ээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон цэргүүд өвдөхгүй газаргүй болж, эмнэлэг явахын хүслэн болж байлаа. Эмнэлэгт хэвтвэл өдөр бүр хүнд хүчир ажил хийх шаардлагагүй болохын зэрэгцээ цагаан будаагаар хийсэн хоол идэх боломжтой гэж ярьдаг байв. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэх нь тийм ч амар зүйл биш байлаа. Ил харагдах шархгүй бол хэчнээн өвчтэй байсан ч өвчин гэж тооцдоггүй тул мэдрэлийн эмгэг, дотоод эрхтний өвчнийг хуурамч өвчин гэж үздэг. Түүнчлэн зарим хуаранд хуурамчаар өвдсөн тохиолдолд худал хэлсэн гэж үзэн зодох болон хоолыг нь хасах зэргээр шийтгэдэг байснаас олзны цэргүүд эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө хуарандаа нас барах нь элбэг байжээ. Зарим олзны цэргүүд эмнэлэгт хандах гэсэн шалтгаанаар нэг гараа машин руу хийх, гараа тайрах тохиолдлууд ч гарч байснаас үзвэл тэдний хөдөлмөр бие бялдар болон оюун санааны хувьд асар хүнд хөдөлмөр байсан гэж үзэж болох юм.
(4) Хүнсний хомсдол
Япон олзны цэргүүдэд оногдуулсан ажил хөдөлмөрийг хүнд хэцүү болгосон гол зүйл нь ямар ч эргэлзээгүйгээр хүнс тэжээлийн хомсдол юм. Монголын засгийн газраас гаргасан олзлогсдод тараах нэг өдрийн хүнсний стандарт хэмжээ нь хар талхны гурил 240 гр, ногоо (байцаа, лууван, цагаан лууван, төмс) 600 гр, мах эсвэл таван цул, толгой (адуу, тэмээ, ямаа, хонь, зэрлэг ямаа г.м) 60 гр, давс 15 гр, элсэн чихэр 16 гр, цай 5 гр, тамхи (модноос гарсан хаягдал шиг зүйл) 5 гр буюу амьдрахад шаардлагатай хэмжээний калориор хангаж байсан явдал юм. Мөн үйлдвэрлэлийн нормоо гүйцэтгэсэн хүнд хар талх 200 гр болон элсэн чихэр 15 гр, мах эсвэл орос утсан хиам 5гр-ыг онцгой тараалт гэж олгодог байсан. Гэвч бодит байдал дээр олзны цэргүүд дээрх хэмжээний хоол хүнсийг бараг л авч байгаагүй байдаг.
Хоол тараах үед нэгж бүрээс хоёр хүн гарч ирэх бөгөөд нэг нь хоол идэх сав суулга, аяга, таваг, халбага, савх зэргийг эгнээнд дугаарлан авдаг бол нөгөө нь салаа тус бүрд шөл болон баншийг тусад нь хувааж өгдөг байжээ. Өдөр бүр ганцхан хоолны төлөө л үхэн хатан зүтгэж амьдардаг байсан тул яаж ч эн тэнцүү хуваасан ч өөрийнхөө хоолыг бага байна гэж гомдол гаргана. Хэтэрхий их өлссөн ходоод нь хоосон олзны цэргүүдийн дунд учир шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэдэг байв. Нэг олзлогсдын хуаран цэргүүдийн оройн хоолонд цагаан тугалган цаасан дээр наян хувьтай болгож агшаасан будаан дээр хоолны аягаар мисо эсвэл шар буурцагны шөлийг 2 удаа өгдөг байсан бөгөөд оройн хоолны дараа маргааш өдрийн хоол болох талх тарааж өгөх хэдий ч, ганц өдөрт ч гэсэн нэг удаа гэдэс цатгалан мэдрэмж авахыг хүссэн олзны цэргүүд ихэнхдээ талхаа тухайн өдөртөө идчихдэг байсан гэнэ. Тухайн талх гээд байгаа зүйл том хар талх бөгөөд 1 гр ч илүү тараахгүйн тулд шугамаар хэмжиж, жингээр жинлэж илүү ч үгүй дутуу ч үгүй нарийн тараадаг байжээ. Талх л гэхэд олзны цэргүүдийн гар дээр ирэх хүртэл дор хаяж хоёр цаг зарцуулдаг байсан. Мөн далай байхгүй Монгол Улсад давс нь элсэн чихрээс хэд дахин өндөр үнэтэй байлаа.
Хүнд хэцүү ажлын үед хоол хүнсний их бага нь хүмүүсийн оюун санаа, сэтгэхүйн байдалд нөлөөлдөг байжээ. Аль ч олзлогсдын хуаранд ажлын гүйцэтгэлийн хувь буюу нормоос хоол хүнсний хэмжээ хамааралтай байсан хэдий ч хоногийн үндсэн хоолны хэмжээ олзлогсдын хуаран болгонд харилцан адилгүй, үүний ард олзлогсдын хуаранд хяналт тавьдаг япон удирдлагууд байжээ.
(5) Олзлогдсон хугацаан дахь япон цэргийн тушаал, дэг журам
Дайн дуусаж, япон цэргүүд тарж, бүгд олзных болсон хэдий ч олзлогсдын хуаран бүрт хуучин цэргийн шатлан захирах ёс үлджээ. Япон олзны цэргүүдийн өдөр тутмын амьдралыг шийддэг хүн нь монгол хүн биш, япон хүн байв. Монголчууд үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Япон цэргийн бүтэц, зохион байгуулалт шатлан захирах ёсны системийг хуучин хэвээр нь ашиглаж, үүрэг даалгавраа л гүйцэтгэсэн тохиолдолд япон захирагч ямар үйлдэл хийх, ямар арга хэмжээ авч байгаа эсэхэд хяналт тавьдаггүй байсан гэж үзэж болно. Японы командлагч болон дэд дарга нар нь монголчуудаас илүү албадлагын арга хэмжээ авдаг байсан буюу хэт их дарамт үзүүлдэг байсан ба эелдэг бус байхыг хамгийн том гэмт хэрэг гэж үзэж, мэндчилэх ёсыг хүртэл чанд сахиулдаг байж. Шинэ цэргүүдэд унтах газар байхгүйн дээр өдөр нь хүнд хүчир ажил хийж, шөнө нь нэг цагийн хугацаатай ээлжлэн шөнийн харуулд гардаг байв. Амралтын өдрүүдэд ч мөн ялгаагүй салаан даргынхаа угаалга цэвэрлэгээ зэргийг хийхгүй бол болохгүй байдаг байв. Шинэ цэргүүд гүйлгэх зэргээр бие нь тавгүйтсэн ч ердийн адил дээд тушаалтнаас гаргасан зааварчилгааны дагуу ажиллах шаардлагатай, биеийн байдал тааруу гэх шалтгаанаар ажилдаа хайхрамжгүй хандсан тохиолдолд цохих, зодох, хоолны хэмжээг багасгах зэрэг арга хэмжээг авдаг байв. Хуаранг удирдаж буй японы командлагч нарын байр сууриа хамгаалах арга нь монголчуудад ая тал засаж, сайн хандах байв. Дээрх командлагч нар нь өлсгөлөнг ашиглаж хүмүүсийг захирч, нутаг нэгтэн болох олзны цэргүүдийг үхэлд хүргэж байв. Хоол хүнсийг тогооч хариуцдаг байсан бөгөөд шударга, чин сэтгэлээсээ ханддаг хүнийг тогоочоор сонгодог байсан авч, солигдохоос айсан тогооч цэргүүд командлагч нарт цэргүүдээс хэд дахин их хоол өгч, өгснийхөө хэрээр өөрсдөө ч мөн гэдэс цатгалан явдаг байжээ. Ийм командлагч нар өвлийн улиралд нэг ч удаа ажилд яваагүй байдаг.
① Олзлогсдод тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал: “Үүрээр залбирах”
Японы командлагч нар нутаг нэгтэн болох япончуудад хоол хүнсийг тэгш тэнцүү хуваарилаж өгөх, хүнд хүчир хөдөлмөр хийх үед нь тэднийг хамгаалах ёстой. Гэвч японы зарим командлагч нар олзны цэргүүдээр өөрийн үүрэг даалгаврыг гүйцэтгүүлж, ажлаа давуулан гүйцэтгэсэн хэмээгдэж хамгийн их эрхтэй байжээ. Тэдгээр командлагч нарын төлөөлөл нь хуучин цэргийн дарга асан, олзлогдсон хугацаанд аж үйлдвэрийн цогцолборын (түгээмэл нэршил нь ноосны үйлдвэр) ахмадаар томилогдсон Ёшимүра (Жинхэнэ нэр нь Икэда Шигэёши) гэх хүн байжээ. Ёшимүра “Намайг командлагчаар томилбол үүрэг даалгаврыг үргэлж бүрэн биелүүлж байх болно” гэж монгол талын удирдлагуудад хэлсэн бөгөөд өөрөө үүрэг даалгавраа сайн гүйцэтгэсэн тул монголчууд түүнийг олзлогсдын хуарангийн удирдагчаар томилжээ. Ёшимүра “Залхуу хүмүүсийн хүнсний тэтгэмжийг бууруулах, өлсгөлөн байлгах ял оногдуулана” гэж тогтоон өдөр бүрийн чулуу бутлах үйлдвэрийн ажлаа хамгийн бага тушаалтай цэрэгт дарамт шахалт үзүүлэн хийлгээд зогсохгүй, монголын талаас тавьсан үүрэг даалгавраас гадна өөрөө шинээр үүрэг даалгавар бий болгоно. Ёшимүрагийн үүрэг болгосон байнгын бус ажлын нэг бол голоос мод татаж гаргах ажил бөгөөд өмдөө тайлан хөл нүцгэн усанд орж тус ажлыг хийдэг байжээ. Голын урсгалын төгсгөлд ажиллаж байгаа хүн хэрэв жаахан л сэрэмж алдвал бүдүүн модонд толгойгоо цохиж, гэдэсний арьс нь зулгарч, агшин зуурын дотор үхэх эрсдэлтэй ажил. Үүнээс гадна монгол талын олзлогсдын хуарангийн даргатай тохиролцон хотод байрлах хятад худалдаачны үйлдвэрт гутал хийх ажилд олзны цэргүүдийг оруулан, унтах цагаас өглөө хоёр цаг, орой хоёр цагийг аван гутал хийлгэдэг байж. Нэг хүний өдрийн хөлсийг нэг төгрөгөөр тооцож ажиллуулж байсан хэдий ч тус цалин хөлс бүгд Ёшимүрагийн халаасанд орж байв. Тэрээр хамт ажиллагсдаа золиослон өөрийн аюулгүй байдлаа хамгаалсан. Өдөр бүр олзны цэргүүд Ёшимүрагаас хэд дахин бага хоол идэж, хүнд хүчир ажил хийж байсан ч ингэж буй нь зөвхөн амьд үлдэхийн төлөөх хичээл зүтгэл байсан юм. Хоол хүнсний дутагдалд орсон цэргүүд биеийн хүчээ ашиглах ажил хийхэд хэцүү болсон бөгөөд ажил урагшлахаа болино. Энэ дунд оноосон ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа хүмүүст болон Ёшимүрад дургүйцлээ илэрхийлсэн хүмүүст “Үүрийн залбирал” гэж хэлэгддэг ял оноодог байсан ба тэр нь гадаа хашаан дахь модонд хүнийг нүцгэнээр нь хүлж оройноос үүрийн гэгээ орох хүртэл нь орхих ял юм. Энэхүү ялыг өвөл зунгүй оноодог байсан ба өвлийн улиралд 0 хэмээс доош хэдэн хэм ч байсан ялгаагүй модонд хүлж орхино. Эхэндээ “үүрийн залбирал” гэдэг нь киноны нэр байсан бөгөөд төдийлөн алдартай байгаагүй ч сэдэвчилсэн дуу нь олны танил болж, цэргийн дуунд багтсанаар цэргүүд бүгд энэ дууг мэддэг байжээ. Дээрх ялаар шийтгэгдсэн хүмүүс гарын алгаараа биеэ үрж дулаацуулах хэдий ч үүрийн гэгээ орох үед туйлдан ядарч унадаг, ямар ч цэрэг унахаасаа өмнө чанга дуугаар ээжийнхээ нэрийг дуудан уйлдаг байсан тул дээрх ялыг “үүрийн залбирал” гэж нэрлэсэн байдаг. Дээрх ялаар шийтгэгдсэн цэргүүдийн бүх бие хөлдсөнөөр асар их өвдөж, үхэхэд хүрдэг байсан бөгөөд Ёшимүрагийн үйлдэл бусад олзлогсдын хуарангуудад хүрч “жинхэнэ хүн чөтгөр” гэх муу нэр нь түгсэн байна.
Энэхүү үйл явдал нь бусад газрын ардчилсан хөдөлгөөнийхөнд хүрч, сонинд хэвлэгдсэн бөгөөд Ёшимүра нь нутаг буцсаны дараа яллагдаж, шүүх гэм буруутайг нь тогтоосон байдаг. Тэрээр “Хэзээ хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй олзны цэргийн амьдралд олон япон хүнийг амьд үлдээхийн төлөө монголчуудын тавьсан шаардлагыг биелүүлэхээс өөр арга байгаагүй. Тийм учраас бага зэргийн золиос гаргасан. Өөрөөр хэлбэл, ингэхээс өөр арга байгаагүй” гэж хэлсэн байдаг.
② Бусдынхаа төлөө гэх сэтгэлтэй цэргийн командлагч
Япон цэргийн командлагч нарын дунд Ёшимүра шиг өөрийнхөө эрх ашгийг л боддог хүн байхад эсрэгээрээ өөрийгөө ч мөн адил олзлогдсон хүн хэмээгээд бусаддаа анхаарал халамж хандуулахаа мартдаггүй хүн ч мөн байлаа. Ханиад хүрвэл өрөвч сэтгэлээр амрааж, монгол талаас хоол хүнсний хэмжээг нэмбэл цэргүүдийнхээ хоолны хэмжээг нэмж өгдөг дарга нар байдаг байсан. Өөр олзлогсдын хуаранд зөвхөн будаатай шөл өгсөн ч ийм цэргийн даргатай олзны цэргүүдэд нэмж мантуу өгдөг байв. Өвлийн улиралд хүргэлт хийх ачааны тэрэг хүрэлцээгүй болдог байсан тул зах дээр хүртэл талх ховордож хүнсний хангамж эрс багасдаг байв. Ийм тохиолдолд зөвхөн улаан шошны өдрүүд үргэлжилдэг байсан ба үүний шалтгааныг цэргүүд дурдсан байдаг.
Ханиаднаас үүдэлтэй шар өвчин дэгдэх үед С аминдэмийн дутагдлыг арилгахын тулд төмс бага зэрэг өгч, ажлын талбар дээр байцааны боловсроогүй хэсгийг шөлөнд хийж цэргүүдэд өгдөг байсан. Өдрийн хоолонд зөвхөн талх өгдөг олзлогсдын хуарангаас энэ нь нэлээн ялгаатай юм. Бусад газраас хэчнээн их хоол өгсөн ч гэсэн хүнсний хомсдолд бүгд л орсон байсан хэдий ч цэргүүдээ боддог командлагчтай олзлогсдын хуарангийн цэргүүд хүн чанараа хадгалсаар ирсэн гэж хэлж болно. Хэрэв командлагчийнх нь төрсөн өдөр болбол баярын мэндчилгээ илгээж тухайн газартаа хамгийн сайн гэгдэх хар талх цөцгийн тосоор дайлдаг байсан. Хэрэв хэн нэг цэргийн төрсөн өдөр болбол бусад цэргүүд бүхэл өдөржин түүнд баярын мэндчилгээ хүргэж, өдрийн хоолонд ердийн үеийнхээс их байцаа, лууван хийж төрсөн өдрийг нь тэмдэглэдэг байв. Хүнд хэцүү нөхцөлд байсан хэдий ч цэргүүддээ эвлэрэх арга хэмжээ авах өрөө гаргаж өгч байсан. Энэ олзлогсдын хуарангийн орчин нь цэргүүдийн хүн чанар болоод өдөр бүр амьд үлдэхийн төлөөх сэтгэлийн хатад нөлөөлсөн гэж хэлж болно.
Зөвхөн улаан шош, шар буурцгаар хооллож байсан үед олзны цэргүүд Монголчуудтай арилжаа хийж эхэлсэн бөгөөд эхэндээ саван, алчуур гэх мэт жижиг зүйлс солилцдог байсан ч сүүлдээ ноосон хөнжил, япон өвлийн нөмрөг зэргээ солилцдог болсон. Түүнчлэн цэргүүдийн байрлаж байсан байранд япон хүмүүс бие биенийхээ хувцсыг хулгайлах явдал их гарах болсон. Хэдийгээр бусад хуарангийн цэргүүдтэй харьцуулахад амьдрал нь сайн гэж хэлж болохоор ч бүгд л олзны цэргүүд гэх статустай байсан тул хангалттай сайхан амьдарч байсан гэж хэлэхэд хэцүү юм. Тухайн үед хүмүүсийн хүсэл нь унтах идэх л байжээ.
(6) Япон олзны хүмүүсийн дурсамж
Монголд олзонд байсан цэргүүдийн хэд хэдэн тэмдэглэл бий. Харгис өдрүүд болоод тухайн үеийн хүний мөн чанарыг дүрслэн харуулсан нь ч байна.
①Ажил хөдөлмөрийн талаар
Аль ч ажлыг сонгосон хүнд хэцүү, бие бялдрын хүч чадал их шаарддаг хэдий ч өдөрт 1500 калори, өөрөөр хэлбэл, 6-8 насны хүүхдийн авбал зохих хэмжээ төдий илчлэг авдаг байсан тул хоол тэжээлийн дутагдалд орсон япон цэргүүдийн хувьд хэт ачаалалтай хийгээд монголын талаас шаардах нормын хагасыг биелүүлэхэд ч хүнд бэрх санагдаж байжээ. Зарим үед цэргүүдийн дунд залхуу зан, хариуцлагагүй байдлаар ажлаа орхих тохиолдол гарна. Тэдгээр хүмүүсийг хоёр, гурван цагаар бүр оройн 11 цаг хүртэл хоолгүй, амралтгүй илүү цагаар ажиллуулна. -30 хэмээс дээш хүйтрэх өвлийн шөнө зөвхөн өлсөж, даарахыг л тэвчих бөгөөд ажил хийхэд тун бэрх, утга учиргүй цаг нөхцөөнө.
②Япон хүний талаар
Япон хүмүүсийн хувьд үндэс язгуур нь туйлын хичээнгүй, шулуун шударга байдаг тул монголын талаас тэднийг ашиглахад хялбар байсан байж мэдэх юм. Тэд япон хүний зан чанар, сэтгэл зүйн байдлыг ойлгосноор олзны цэргүүдийг сайн ашиглаж чаджээ. Мөн, зарим цэргүүд өөрсдийн байр сууриа тогтоох эсвэл хадгалахын тулд тухайн газартаа нэр хүндтэй хүмүүстэй холбоо тогтоож байсан гэдэг. Япон цэргүүдийг сэтгэлзүйгээр нь удирдаж, ажиллаж байсан ахлагч нь шагнал ташуур хоёрыг хослуулан ажлын үр ашгийг дээшлүүлэхийг хичээжээ. Хэрэв тогтоосон ажил нормыг гүйцэтгэвэл хоолыг нэмэгдүүлж, хэрэв хүрэхгүй бол хоолыг бууруулна. Япончууд энэ бодлогод автаж, олзлогдогсдын амьдралаа үргэлжлүүлж байжээ.
③Олзлогдсон хүний шинж төрх
Язгуур угсаатай хэрнээ нүүрээ ч угаалгүй, шороо шигэсэн байдалтай, хулгайч шиг аливааг булаан зугтаж, гуйлга гуйх хүн байхад өндөр боловсролгүй хэдий ч хайрамжгүй хандалгүй, гадаад төрхөндөө анхаарч, биеэ зөв авч явж, бүлгийн дэг журмыг чанд сахиж, өөрсдөө сахилга батаа хадгалж байсан хүмүүс ч мөн байжээ.
Эдгээр бичвэрүүдээс олзны япончуудын цөхрөл, уур уцаар, бухимдлыг тодоор мэдэрч болно. Бидний хувьд төсөөлөхөд бэрх тул хөнгөн хандах нь тэдгээр олзонд байсан хүмүүсийн өмнө ёс алдсан хэрэг болно. Гэхдээ л үхэлтэй нүүр тулсан өдөр хоногуудын дунд амьд үлдэхийн тулд зөв бодолтой байж, япон хүн гэдгээрээ бахархан, үнэн явсан хүмүүсийг бишрэн хүндлэхээс өөр яах билээ.
- Монголд олзонд байхынонцлог
Монголд олзонд байх нь ердийн цэргийн баривчилгаанаас ялгаатай, Сибирийн олзныхны нэг хэсэг байсан ч тэднээс ч мөн ялгаатай харагддаг.
Нэгдүгээрт, Халх голын дайнаас өөрөөр Японы арми шууд довтолгоонд ороогүй хэдий ч япончуудыг хоёр жилийн турш албадан ажиллуулсан. 1946 оны 12-р сараас ЗХУ-д хоригдож байсан япончуудыг буцааж эхэлсэн бөгөөд Монголд олзонд байсан япончуудыг буцааж авах бэлтгэл ажил удалгүй хийгдэж эхэлсэн ч үнэн хэрэгтээ монголчууд ЗХУ-ын засгийн газрын шаардлагаар олзны цэргүүдийг 1947 оны намар хүртэл ажиллуулсан байдаг.
Хоёрдугаарт, олзны цэргүүд нь Монгол улсын нийслэлийн бүтээн байгуулалтанд гар бие оролцсон явдал юм. Тухайн үед долоон зуун тавин мянган хүн амтай байсан монголчууд дайны хор уршгаар хорин мянган хүнээ алдсан. Энэ үед монголчуудад 12000 олзны цэргүүд байна гэдэг их тоо бөгөөд дайны дараах улсыг бүтээн босгох явцад туйлын шаардлагатай ажиллах хүч болж байсан. Одоогийн Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Гадаад Хэргийн Яам зэрэг нь япон олзны цэргүүдийн гараар бий болсон юм.
- Монголд олзонд байсны үр дагавар
Монгол дахь олзныхны амьдрал 1945 оны 10-аас 11-р сард ЗХУ-аас Монгол улсад 12000 орчим олзны цэргүүдийг хүлээлгэн өгснөөр эхэлсэн ба үүнээс 1600 орчим нь 1947 оны 11-р сард эх нутагтаа буцахаасаа өмнө нас баржээ. Монгол дахь япон олзны цэргүүдийн нас баралтын түвшин 13 орчим хувьтай байсан нь Сибирь дэх олзлогсдын 10 орчим хувьтай харьцуулахад өндөр байв. Нас баралтын түвшин өндөр байгаа шалтгаан нь дараах зүйлстэй холбоотой.
- Монголын эрх бүхий байгууллагуудад цэргүүдийг олзолж байсан туршлага байгаагүй.
- Норм биелүүлэхээр олзны цэргүүдийг хэт их ажиллуулсан.
- Хоол хүнсний хангамжийгсайжруулж чадаагүй.
- Эмнэлгийн үйлчилгээ тааруу
- Япон хүмүүсийн хувьд дасахааргүй уур амьсгал.
Олон тооны олзны цэрэг хоол тэжээлийн дутагдал, цусан суулга (цусан суулга: суулгалт, цустай өтгөн, гэдэсний өвчин зэргийг үүсгэдэг бүдүүн гэдэсний халдварт өвчин) зэрэг өвчнөөр өвчилсөн ч Улаанбаатар хотын хамгийн сайн гэгдэх Амралт сувиллын эмнэлэгт хүртэл эмнэлгийн тоног төхөөрөмж, хангамж дутагдалтай байв. Үүнээс гадна олзлогсдын хуарангийн удирдлагууд нүдээр хараад мэдэгдэхгүй өвчнийг өвчин гэж үздэггүй байжээ. Уг нь удирдамжиндаа “Олзны цэргүүдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг олзлогсдын хуарангийн дэргэдэх эмнэлгийн өрөөний тоног төхөөрөмжийг ашиглан, олзны цэргүүд дундах эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар үзүүлэх болно” гэж заасан байдаг байв. Мөн Монголд олзлогдсон япончуудад өгөх хоол хүнс, хувцас хунар зэрэг өдөр тутмын хэрэгцээг ЗХУ-ын арми олгохоор болсон байсан бөгөөд Монголын засгийн газар ЗХУ-ын засгийн газарт үүнд тохирсон хэмжээний мөнгийг төлсөн боловч Монголын тал хүлээн авсан зүйл нь япон олзны цэргүүдийн тоонд хүрдэггүй байсан. Нас барсан хүмүүсийн дунд өвчний улмаас нас барсан хүмүүс төдийгүй зугтсан хүмүүс, амиа хорлосон хүмүүс ч мөн байжээ. Түүнчлэн дээр дурдсан Ёшимүра командлагчийн хэргийн адил япончуудын гарт амиа алдсан япон цэрэг ч мөн олон байсан байх. Ийнхүү ЗХУ-д олзонд байсан хүмүүсээс нас баралтын түвшин өндөр байсан шалтгаан нь монголын тал дайнд олзлогдогсдыг хүлээн авахад бэлэн биш байсан, япончуудын дасаагүй уур амьсгалд хэт их хөдөлмөр эрхлүүлж байсан, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ муу байсан зэрэг асуудлуудтай холбоотой байна.
- Монголдахьяпон олзлогсдын түүхийн талаарх тайлбар
Энэхүү түүхийн талаар янз бүрийн тайлбар байдаг. Нас баралтын түвшин өндөр байсан Монгол дахь олзныхны талаарх тайлбар нь Япон улсын зүгээс үзвэл олзлогсдод учирсан хохиролд чиглэгдэж байх ч, нөгөө талаараа Японы дайны төлөө хүлээх үүрэг хариуцлага гэсэн үзэл ч бас байдаг. Япон нь Манж Го Улсыг байгуулсны улмаас ЗХУ Монгол Улсын хорин мянга гаруй сэхээтнийг “Японы тагнуул” хэмээн хэлмэгдүүлсэн билээ. Иймд Монголын тал ажилчдынхаа оронд япон олзны цэргүүдийг дайчлах шаардлагатай болсон байв. Гэхдээ энэ нь Монгол улс холбоотон улсад орох гол хүчин зүйл болохын сацуу Монгол улс тусгаар тогтнолоо олох, улсаа байгуулахад нөлөөлсөн гэж үздэг. Түүнчлэн Монгол дахь олзныхон монголчуудын япон хүнийг харах өнцгийг өөрчилсөн ч гэж яригддаг. Дайны үед монголчуудын Японыг харах дүр төрхөд ЗХУ ихээхэн том нөлөө үзүүлж, коммунизм дэлгэрч байсан Монголд Японы аюул заналхийлж байлаа. Монголчууд япончуудыг “мангас” шиг үздэг байсан тухайн цаг үед япон олзны цэргүүд Монголд ирж, тэдний сонирхлыг татсан нь гарцаагүй. Зарим монгол хүн япончуудтай шууд холбоотой байж, хичээнгүй, өндөр боловсролтой, сахилга баттай байсныг олж мэдсэн байдаг. Эсрэгээрээ Монголыг коммунист орон хэмээн болгоомжилж байсан япончууд Монголд олзлогдсоны дараа хүнд байдалд орсон ч монгол хүний уужим сэтгэл, Монголын өргөн уудам тал нутгийн үзэсгэлэнт байдлыг Японд буцаж ирснийхээ дараа ч зүрх сэтгэлдээ үлдээсэн байдаг. 1966 онд япон цэргийн булшийг эргэх төлөөлөгчдийн бүлэг Монгол дахь япон цэргийн оршуулгын газарт зочилж, амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үед тэдэнтэй уулзсан монголчууд ч бас Япон улс болон японы ард түмнийг ойр дотноор санадаг болсон байжээ. Монгол Улсад олзлогдсон хүмүүс болон тэдний гэр бүлийн хувьд Монгол нь гашуун дурсамжийг нь сэрээдэг газар ч, тэд хоёр орны харилцаа холбоог сэргээхэд хүчин чармайлт гаргасан байна. Монголд япон олзны цэргүүд байсан эл үйл явдал нь Япон болон Монголын бие биенийгээ үзэх хандлагыг өөрчилж, үүний үр дүнд хоёр улс бие биедээ ойртон, өнөөгийн найрсаг харилцаа тогтоход хүргэсэн гэх үзэл байдаг ба энэ нь гарцаагүй үнэн хэмээн хэлж болно.
- Орчин үеийн Монгол дахь японы олзны цэргүүдийн түүх
Японд Монголд байсан япон олзны цэргүүдийн тухай түүхийг төдийлөн мэддэгүй бол эсрэгээрээ Монголд хэр мэдэх бол? Энэ жил цар тахлын улмаас Монгол Улс руу очих боломжгүй болсон ч, Монгол Улсын Их Сургуулийн оюутантай мэйлээр харилцаж, монгол залуусын япон хүнд хандаж байгаа хандлага /төсөөлөл/ болон энэхүү хандлага ба хоёр улсын хоорондын түүхийн уялдаа холбоо, түүнчлэн японы олзны цэргүүдийн түүхийн талаар судалгаа авсан бөгөөд надтай харилцаж байсан охин маш эелдэгээр өндөр түвшний япон хэлээр хариулт илгээсэн болно. Хариулт нь: “Юуны түрүүнд япончууд Монголд олзлогдсон түүхийн талаар мэддэг монгол хүн цөөхөн. Японы цэргүүд 1945 онд Монголд ирсэн тухай, Улаанбаатар хотод амьдарч байсан, эсвэл тэр үед төрсөн хүмүүс япон цэргүүдийн гүйцэтгэж байсан ажил болон амьдарч байсан газар зэрэгтэй холбоотой мэдээллийг мэддэг байж магадгүй. Харин бусад хүмүүс дээрх түүхийн тухай мэддэггүй бөгөөд дунд сургуульдаа энэ түүхийн талаар үзээгүй , тэр ч бүү хэл түүхийн багш нар ч мэддэггүй”.
Мөн тэрээр “Ногоон нуур” гэх Монголын нийслэл Улаанбаатар хотын ойролцоо байх газрын зургийг надад илгээсэн. Тус зураг дээрх газар нь урьд нь олзлогдсон Япон цэргүүд хад чулуу бутлах ажил хийж байсан газар юм. Тус газарт анх зураг дээрх барилга болон хиймэл нуур байхгүй байсан буюу бүхэлдээ хад чулуу байсан бөгөөд япон цэргүүд хадыг буталж, энэхүү газрыг бий болгож, гаргасан чулууг нь хотын барилга байгууламжийг барихад ашиглажээ.
Японы олзны цэргүүдийн талаарх түүхийг Японы дунд сургуульд ч үздэггүй, саяхныг хүртэл би ч гэсэн мэддэггүй байлаа. Мэддэггүй залуучууд олон байхад монгол оюутан охинд энэ түүхийн үнэнийг хэлж өгсөн хүн нь Кон Ая гэх япон эмэгтэй аж. Түүхийн үнэнг түгээн дэлгэрүүлэх гэж оролдож байгаа хүмүүст болон энэ түүхийн талаар үнэтэй мэдээлэл өгсөн оюутан охинд талархал илэрхийлье.
- Төгсгөл
1947 онд олзлогдсон цэргүүд Япондоо буцаж, амиа алдсан 1600 орчим хүний шарил Монголын газар нутагт үлдсэн байв. Монголд үлдсэн япон цэргийн булшийг эргэхээр япон хүмүүс Монголд зочилсны дараагаар хоёр орны хооронд найрсаг харилцаа бий болж, 1972 онд дипломат харилцаа тогтоов. Уг өгүүллэгийг нэгтгэн дүгнэхийн тулд хэд хэдэн ном уншсан хэдий ч хүн бүрийн олзлогдох хугацаанд мэдэрсэн мэдрэмж, туршлага ялгаатай байсан тул алийг нь сонгож оруулах вэ гэдэгтээ эргэлзэхэд хүрч байлаа. Одоо ч гэсэн энэ түүхэнд тодорхой болоогүй зүйлс олон байгаа хэдий ч олзлогдсон цэргүүд үхлийг хамгийн ойроос мэдэрч, хэзээ эх орондоо буцах эсэхээ үл мэдэн цөхрөнгөө барсан өдрүүдийг даван туулахын тулд маш их хичээсэн нь маргашгүй үнэн юм. Монгол дахь япон олзны цэргүүдийн нас баралтын хувь Сибирийнхний нас баралттай харьцуулахад өндөр байсан нь Монголчууд урьд өмнө нь цэрэг олзолж байсан туршлага байхгүй буюу олзны цэргүүдийг удирдах тал дээр төлөвшөөгүй байсан нь япончуудыг ангал руу түлхсэн болов уу гэж бодож байна. Гэсэн хэдий ч Монголын талын удирдлагын ойлгомжгүй байдлыг ашиглан өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон нутаг нэгтнээ хөнөөсөн япон хүн байсныг ч мөн санах хэрэгтэй. Япон цэргүүд Монголд олзонд байсан гэх энэ түүхийн тал дээр хоёр улс бие биенээ буруутгах боломжгүй гэж бодож байна.
Одоо Япон, Монгол хоёр улс найрсаг харилцаатай бөгөөд Монголд Япон Улсыг сонирхож, япон хэл сурч буй оюутнууд цөөнгүй байна. Монголчууд манга, анимэ зэргээр дамжуулан Япон улсыг ихэд сонирхох болсон байна. Олон залуучууд Япон, Монголын харилцааг өнөөгийн нөхцөл байдлаар нь харан дүгнэх болов уу. Өнгөрсөн үеийг эргээд харвал хоёр орны харилцаа тийм сайн байгаагүй ч тус өнгөрсөн түүх байснаар өнөөгийн харилцаа бий болсон биз ээ. Япон, Монгол хоёр улс хэрхэн ийм найрсаг харилцаатай хийгээд найрсаг харилцаа тогтооход хувь нэмэр оруулсан хүмүүсийн тухай сонирхох хүмүүс нэмэгдсэнээр хоёр улс бие биетэйгээ улам ойр дотно болж, цаашид ч Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцаа гүнзгийрнэ гэдэгт найдаж байна.
Ашигласан эх сурвалж:
- 胡桃沢耕司(1983)『黒パン俘虜記』文藝春秋
- ボルジギン・フスレ(2017)『日本人のモンゴル抑留とその背景』三元社
- 井上賢(2000)『モンゴル人民共和国 ウランバートル抑留記』東兄弟印刷所
- 東出昇(1991)『草原の果てに』北の街社
- モンゴル通信『戦後75年』国営モンツァメ通信社